Saturday, May 19, 2007

Хорвоод ганцхан ээждээ

1. Уянгын хэсэг

Хажууд минь байхад халуун илч таниас төөнөдөг
Хайрт ижий та минь алган дээр буусан од юм уу
Хүсэл зоригийг бадраах урмын олон үгстэй
ХҮүгийн ээж та минь хүний дээд эх юм уу
Айж цочиж, эмээсэн үед ээж ээ хэмээн дуудахад
Алс холоос ч мэдрэх ээж минь хэнд ч ховор олдох зөнч мэргэн эх юм уу
Аюулт өвчин тохиолдоход хайрын халуун сэтгэлээрээ
Айлгаж дутаадаг та хаанаас ч үл олдох эмч домч юм уу
Элгийг тань эмтрүүлж, зүрхийг тань зовоож өсөхөд
Ээ энэ муу хүү гэж нэг ч удаа хэлээгүй
Буянтай бурхан ижий та минь хариу нэхдэггүй өглөгч юм уу

2. Шүүмж хэсэг

"Ээжээ таньдаа хайртай" гэж хэзээ хэлснээ ч санахгүй
Эрххэн тэнэг хүү чинь хүн чулуун хөшөө юм уу
Гэртээ байх үед тань амрааж ердөө чаддаггүй
Гэгэлхэн тэнэг үр чинь хүн дүрст хөхөө юм уу
Өдий хүртэл таньдаа хоол хийж амсуулж чадаагүй
Өөдөсхөн чинээ үр чинь өрөвдөхийг мэддэггүй могой юм уу
Хайрын дээдийг наддаа хүртээхэд хайхардаг ч юм уу мэдэхгүй
Хариугүй бяцхан үр чинь хайрлахыг мэддэггүй чөтгөр юм уу

3. Дүгнэлт хэсэг

Уяраах олон үггүй тэнэг бяцхан үр чинь
Уужим сэтгэлийг амраадаггүй ухаангүй алаг үр тань ъ
Ижий таны дэргэд эгнэгт амар тоглоё
Эргэх хорвоод таны дэргэд энд л мөнх нойрсоё
Эргээ давах ус мэт эрх тэнэг үр чинь
Ээж таныгаа л гэж боддог юм шүү ээжээ
Горхи мэт байж далай мэт давардаг
Гэмтэй бяцхан үр тань гэмээ одоо ухаарч байна.............

Ээж таньдаа хүү Г.Ган-Эрдэнээс тань хэзээд үл төгсөх энэхүү шүлгээ зориулж бичив.

0 comments: